“Гүүний саам”-ны тухайд монголын ангаах ухааны доктор, профессор С.Бадамжав багш нь Ж.Алимаа, Л.Амарсанаа, Д.Сувд, М.Алтанцэцэг нарын 5 шавьтайгаа хамтарч, “Гүүний саам ба түүний эмчилгээний ач холбогдол” сэдвээр 5 жил судлаад, шинжлэх ухааны онолын үндэслэлүүдийг нь гаргаж, 2001 онд эрдмийн зэрэг хамгаалж, энэ сэдвээр хэд хэдэн ном гаргаж, улмаар гүүний саамны талаар “судалгаагүй, ам дамжсан худал мэдээллүүд”-ийг таслан зогсоож, албан ёсны болгосон юм. С.Бадамжав багш маань эрүүл мэндийн шинжлэх ухааны асар их мэдлэгтэй, өндөр боловсролтой, бусдад зөвлөх, удирдах гарамгай чадвартай, жинхэнэ эмч бөгөөд шинжлэх ухааны онолын үндэслэлтэйгээр гүүний саамны “Дэлгэр Алтай” сувилал байгуулаад ажиллаж байсан юм. С.Бадамжав багш маань хэдэн жилийн өмнө бурхан болсон. "Гүүний саам" нь найрлагандаа уураг, өөх тос, нүүрс ус(лактоз), амин хүчлүүд, макро, микро элементүүд, витаминууд, ферментүүд, агуулдаг учир байгалиас заяагдсан зохистой харьцаа бүхий хүний биед маш сайн эмчилгээний нөлөө үзүүлэхүйц, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм. Сааманд 100 гаруй төрлийн эрдэс минерал бий. Саам нь биед уураг(альбумин) нөхөх, витамин, эрдэс сэлбэх учир архаг өвчнүүд, хоол боловсруулах эрхтний эмгэгүүдийн үед өргөн хэрэглэнэ. Ялангуяа элэгний архаг өвчний үед түгээмэл хэрэглэх нь илүү ач холбогдолтой. Саам нь цусан дахь холестерины солилцоог зохицуулах, элэгний эсийн ханыг бэхжүүлэх, хордлого тайлах, дархлааг дэмжих үйлчилгээ нь судлагдаж, олон оронд сонирхон гүнзгийрүүлэн судалж, эмнэлгийн практикт хэрэглэх болсон юм. Манай судлаачдаас В.Балдорж, Ц.Намсрай, Р.Индра нар гүүний саамын гарц, Б.Жамсранжав, Б.Сүхбаатар, З.Ичинхорлоо, Ш.Жадамба нар тосны хүчлийн найрлага, саамыг эхийн сүүтэй харьцуулсан судалгааг хийсэн байна. Гүүний саам, айрагны эмчилгээ, сувилгааны ач холбогдлын талаар С.Буяннэмэх, Б.Бүрэнтөгс нар бичсэн байдаг бөгөөд Б.Дагвадорж, С.Бадамжав, С.Отгонжаргал, Цагаан зэрэг эмч нар элэг, цөс, ходоод, арьсны өвчин, үе мөч, ясны сийрэгжилтийг анагаах эмчилгээний арга боловсруулан хэрэглэж байна. Эдгээр эрдэмтдийн судалгаагаар нэгдүгээрт: саам нь гүүний цагаан ба бараан зүснээс огт хамааралгүй нь тогтоогдсон. Иймд “цагаан гүүний саам”-аар эмчлэх тухай ярьж байгаа хүмүүс таарадвал онолын үндэслэлгүй гэж ойлгоорой. Хоёрдугаарт саам ууж суулгах буюу чацга алдах нь буруу гэдэг нь тогтоогдсон. Учир нь нэг талаар гүүний саамаар цөс угаахгүй. Нөгөө талаар суулгаж л байвал нэг удаа уух хэмжээг багасгаж, суулгахгүй хэмжээнд хүргэж ууна. Гүүн зэлэн дээр саамыг халуунаар нь ууж болно. Гүүний саамы найрлага нь саасны дараах эхний 15 минутанд хэвээрээ байх ба 15 минутаас хойш бага багаар өөрчлөгддөг нь тогтоогдсон. Саамыг 50 грамм-с эхэлж ууна. Өдөрт дунджаар 6 удаа ууна. 2 хоног уухад сөрөг нөлөөгүй бол дахиад 50 граммаар нэмэгдүүлэх байдлаар 250 грамм хүргээд тэр хэмжээгээр өдөрт дунджаар 6 удаа ууна. Бүгд 21 хоног уувал хамгийн сайн байх ба 14 хоног ууж болно. 1 сарын завсарлагаатай нэг жилдээ 3 ба түүнээс дээш ч ууж болно.